Байгууллагын тухай

Тал нутгийн цахим хөгжлийн хурдасгуур

Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 107 дугаар тогтоолоор Мэдээллийн технологийн үндэсний паркыг байгуулах шийдвэр гарсны үндсэн дээр 2002-2003 онд БНСУ-ын Засгийн газартай хамтран “Мэдээллийн технологийн парк” төсөл хэрэгжүүлж, Монголд анхны технологийн парк, түүнийг түшиглэн анхны бизнесийн инкубаторыг байгуулсан билээ.

2002-2003 онд шинэ тулгар хөгжиж байгаа мэдээллийн технологийн компаниудад бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх зорилгоор мэдээллийн орчин үеийн, өндөр хурдны, өргөн зурвасын сүлжээ байгуулж, сүлжээ серверийн өрөөг иж бүрэн тоноглон,барилгын 1, 2-р давхрыг шинэчлэн засч бүрэн тохижуулснаар 25 хүний суудал бүхий ажлын байр, нэгэн зэрэг 20 компани байрлуулах хүчин чадалтай, нийт 1000 м2 талбай бүхий инкубаторын орчинг бүрдүүлсэн.

МТҮП нь байгуулагдсанаасаа хойш Монгол Улсад мэдээллийн технологийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, шинэ, өвөрмөц, онцгой санаа бүхий венчер бизнесийг өндөр үр ашигтай бизнес болгон хувиргах инкубатор ажиллуулах,шинжлэх ухаан, технологийн мэдээллийн сан байгуулж үйлчилгээ үзүүлэх гэсэн үндсэн 3 зорилгыг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж ирсэн.

Өнгөрсөн 10 гаруй жилийн үйл ажиллагааныхаа үр дүнд МТҮП нь мэдээллийн технологийн, түүний дотор програм хангамжийн компаниуд төвлөрдөг байр, мэдээллийн технологийн салбарынхны хурал цуглаан, уулзалт семинар хийдэг гол түшиц газар, нэг үгээр хэлбэл МТ-ийн төвлөрлийн үүргийг гүйцэтгэх болж, олон түмний дунд “Ай Ти Парк” гэсэн нэрээр танил болж чадсан юм.


Үйл ажиллагааны чиглэл

  • Мэдээллийн технологийн бизнес, инновацийг дэмжих
    • Мэдээллийн технологийн инкубатор
    • Төсөл хөтөлбөр
    • Цахим засаг, статистик
  • Мэдээллийн технологийн хөгжлийг дэмжих
    • Хүний нөөцийн хөгжил, сургалт
    • Мэдээллийн технологийн зөвлөх үйлчилгээ
  • Өндөр технологийн судалгаа, хөгжүүлэлт
  • Бусад /дэд бүтэц/

Мэдээллийн технологийн инкубатор

МТҮП-ын инкубатор нь байнгын үйл ажиллагаа бүхий монголын анхны бизнесийн инкубатор бөгөөд хэлбэрийн хувьд төрийн өмчийн, ашгийн бус инкубатор юм. Гол анхаарлаа манайд төдийлөн сайн хөгжөөгүй байсан програм хангамжийн бизнесийг эрчимтэй хөгжүүлэх, зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахад нь дэмжлэг үзүүлэхэд чиглүүлж ажилласан.

2003 оны 9 сард үйл ажиллагаагаа эхэлж, анхны үйлчлүүлэгч компаниудаа сонгон шалгаруулж байрлуулснаас хойш 2014 оны эхний улирлын байдлаар 21 удаа элсэлт зохион байгуулж, 220 орчим компани, иргэнийг сонгон шалгаруулалтанд хамруулснаас 90 компанид инкубаторын үйлчилгээ үзүүлжээ. Эдгээр 90 компаний 54 нь инкубаторыг амжилттай төгссөн байна.

Салбарын хүний нөөцийн хөгжлийг дэмжих

МТҮП-ын үйл ажиллагааны бас нэгэн гол чиглэл нь салбарын хүний нөөцийн хөгжлийг дэмжих явдал юм.

МТ-ийн компаниудын бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор програмчлалын хэлний болон менежмент маркетингийн сургалт, семинар, уулзалтууд, компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах үзэсгэлэн тогтмол зохион байгуулж байлаа.

МТҮП нь Засгийн газрын тохируулагч агентлаг МХХТГ, Япон Улсын Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын төв (JITEC)-тэй 2005 оноос эхлэн тууштай хамтран ажиллаж, Монгол Улсад мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн ур чадварын стандарт болон ур чадварыг үнэлэх олон улсын шалгалтын системийг амжилттай нэвтрүүлж ажилласан.

2007 оны 8 сарын 28-нд Япон улстай МТ-ийн инженерийн ур чадварыг харилцан хүлээн зөвшөөрөлцөх гэрээ байгуулснаар Монгол Улс Азийн орнуудын Мэдээллийн технологийн мэргэшлийн шалгалтын зөвлөлийн (ITPEC-Information Technology Professionals Examination Center) жинхэнэ гишүүн болж, энэ байгууллагын нэгдсэн шалгалтыг албан ёсоор явуулах эрхтэй болсон юм.

Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын сертификатыг Вьетнам, Малайз, Монгол, Мьянмар, Тайланд, Филиппин, Тайван Сингапур, БНСУ, Хятад, Энэтхэг гээд Азийн 12 оронд хүлээн зөвшөөрдөг.Энэхүү шалгалт нь 4 түвшинтэй бөгөөд одоогийн байдлаар эхний 3 түвшний шалгалт буюу мэдээллийн технологийн паспорт шалгалт, мэдээллийн технологийн инженерийн суурь болон ахисан түвшний шалгалтуудыг амжилттай нэвтрүүлээд байна.

2006-2013 онд нийт 13 удаа шалгалт зохион байгуулж, бүгд 954 хүн шалгуулснаас 88ньАзийн орнуудад хүчинтэй МТ-ийн мэргэжилтний шалгалтын зөвлөлийн сертификат гардан авсан амжилт үзүүлсэн байна.

Салбарын байгууллагууд