Силикон Хаус


2013-2014 он -Засгийн газрын дэмжлэг, МТҮП-ын шинэ бүтээн байгуулалт, “Силикон Хаус” төсөл

Монгол Улсын Засгийн газраас мэдээллийн технологийн салбарыг мэдлэгт суурилсан үсрэнгүй хөгжлийн тулгуур гэж үзэн онцгойлон анхаарч, МТҮП-д “Силикон Хаус” буюу АНУ-ын МТ-ийн салбарыг дэлхийд тэргүүлэх байр суурь эзлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн “Silicon Valley”-гийн жижигрүүлсэн хувилбарыг байгуулах төсөл хэрэгжүүлж байна. Энд монгол залуус дэлхийн өндөр хөгжилтэй орноос дутахааргүй орчин нөхцөлд шинэ санаагаа хөгжүүлэн бүтээгдэхүүн болгож, эх загвараа турших бүрэн боломж бүрдүүлэх зорилгоор шинээр 2 лаборатори, мэдээллийн төв, сургалтын төв байгуулан ашиглалтанд оруулж байна. Ийнхүү энд сэтгэн бодож, туршин бүтээх нэгэн оюунлаг өвөрмөц орчин бий болж байгаа юм.

“Силикон Хаус”-ын бүтцэд МТ-ийн номоор төрөлжсөн мэдээллийн төв, МТ-ийн мэргэшлийн сургалтын төв, Электрон систем хөгжүүлэлтийн болон Компьютерийн вишн лабораториудыг шинээр байгуулж, мэдээллийн технологийн инкубаторын 22 компанид зориулан ажлын байрыг шинэчлэн засч тохижуулж байна.

Энэ бүх байгууламжуудыг хамтад нь “Силикон Хаус” гэж нэрлэн мэдээллийн технологийг сонирхон судалдаг оюутан сурагчид, багш эрдэмтэд, бүтээгдэхүүн үйлчилгээ гаргадаг компани, хувь хүмүүс чөлөөтэй зочилж, тухлан сууж судалж, суралцаж, бүтээж ажиллаж болдог үлгэр жишээ орчинг цогцоор нь бүрдүүлсэн болно.

“Силикон Хаус”-ын бүтэц

Мэдээллийн төв

Мэдээллийн технологийн  номоор төрөлжсөн мэдээллийн төв гэдэг утгаараа анхных болох энэ мэдээллийн төвөөр үйлчлүүлсэн хэн бүхэн МТ-ийн онол практикийн сонгодог ном зохиол, алдартай хүмүүсийн бүтээл, шинжлэх ухаан, технологийн хамгийн сүүлийн үеийн сурах бичиг, онлайн материалууд гээд мэдээллийн технологийн чиглэлээр хүссэн мэдээллээ олж авах боломжтой.

Өвөрмөц шийдэл, өнгө дизайнаараа гайхуулам энэхүү мэдээллийн төвд оюунлаг монгол залуус тухлан сууж, мэдээллийн технологийн номын ертөнцөөр аялан дэлхийн шилдэг нээлтүүдтэй танилцахын сацуу өөрийнхөө нээлтийг хийх их эрэл хайгуулдаа ч гарч болохоор тийм мөрөөдлийн мэт орчин нөхцлийг бүрдүүлэхийг зорьсон билээ.

 

  • Нийт талбайн хэмжээ: 115м2
  • Хүчин чадал, багтаамж: 30-40 суудал

Мэдээллийн технологийн сургалтын төв

Энэ нь орчин үеийн дэвшилтэт техник тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон, тав тухтай өвөрмөц орчинд МТ-ийн мэргэжлээр олон улсын жишигт нийцсэн төрөл бүрийн сургалт зохион байгуулах зорилготой мэргэшлийн сургалтын төв юм.

МТ-ийн мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, дэлхийн түвшинд хүргэхийн тулд бид сургалтын үйл ажиллагаагаа тэлж, олон улсын түвшинд нийцэхүйц онлайн цогц сургалтын системийг нийслэл, хөдөө орон нутгийн иргэдэд хүргэх зорилгоор шинэ сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.

Энд бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн хэн бүхэн сурч судлах, хөгжих бүрэн боломжтой төдийгүй МТ-ийн хамгийн сүүлийн үеийн технологийн талаар мэдээ мэдээлэл олж авах, бусадтайгаа хуваалцах, хамтран ажиллах тав тухтай орчинг бүрдүүлсэн.

  • Нийт талбайн хэмжээ: 181,9м2
  • Хүчин чадал, багтаамж: 90-100 хүн

Эмбеддед систем хөгжүүлэлтийн лаборатори

Монголд анхных болох энэхүү лабораторийг салбарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын түвшинг дээшлүүлж олон улсад өрсөлдөх хэмжээнд хүргэх, шинэ мэдлэг, бүтээгдэхүүнийг туршиж үйлдвэрлэх, мэдээллийн технологийн цоо шинэ зах зээл бий болгох, ажлын байрны тоог нэмэгдүүлэх зорилгоор байгуулж байгаа юм.

Эмбэддед систем хөгжүүлэлтийн лабораторийн үүдээр оронгуут шинийг бүтээх хүсэл эрмэлзэл төрөхүйц орчин нөхцлийг бүрдүүлэхийг зорьсон. Үүнд, төрөл бүрийн аж үйлдвэрийн автоматжуулалтыг дэмжих зорилготой эмбэддед системийн технологийн /электрон хавтан, деталиуд угсрах машин тоног төхөөрөмж/ тоног төхөөрөмжүүдийг байрлуулсан. Энд инженер техникийн авъяаслаг залуус ирээдүйн брэнд бүтээгдэхүүнээ зохион бүтээх, турших боломжтой.

  • Нийт талбайн хэмжээ: 265м2
  • Хүчин чадал, багтаамж: 20-30 хүн

Комьютер вишн лаборатори

Монголд анх удаа байгуулагдаж байгаа Компьютерийн вишн лабораторид бид график дизайн, анимэйшн, кино, клип, телевиз, уран зураг, дуу хөгжим, бүжиг гээд хүссэн бүхнээ урлан бүтээж, амилуулах боломжтой өвөрмөц давтагдашгүй орчинг бүрдүүлсэн. Энд зорин ирсэн хэн бүхэн мэргэжил, зорилго нэгт андуудтайгаа уулзаж, санал бодлоо хуваалцах, хэлэлцүүлэг маргаан өрнүүлэхээс гадна тохитой үзвэрийн танхим, уулзалтын буланд тухлан сууж, шинжлэх ухаан, технологийн ололт амжилттай танилцах боломжтой.

Мөн технологийн хөгжлийг сурталчлах, танин мэдүүлэх, залуу үеийг технологид ялангуяа мэдээллийн технологид дур сонирхолтой болгох, үр ашгийг нь сурталчлан таниулах зорилгоор техник технологийн сэдэвтэй танин мэдэхүйн цуврал нэвтрүүлэг бэлтгэж ч болохоор тайз заслын шийдэлтэй.

  • Нийт талбайн хэмжээ: 289м2
  • Хүчин чадал, багтаамж: 90-100 хүн

Салбарын байгууллагууд