ОЛОН УЛСЫН TOPCIT-ЫН ШАЛГАЛТЫН ХУРААМЖИЙГ 100 ХУВЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ

ОЛОН УЛСЫН TOPCIT-ЫН ШАЛГАЛТЫН ХУРААМЖИЙГ 100 ХУВЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ

———- ТОПСIТ шалгалтыг нутагшуулсан гишүүн орнуудад Монгол, Солонгос, Тайланд, Франц Улс багтжээ ————–

БНСУ-ын тал ТОПСIТ шалгалтын системийг Монголд нэвтрүүлэх эрхийг олгосноор МТҮП /Мэдээлэл, технологийн үндэсний парк/ анхны шалгалтаа 2017 оны 5-р сарын 15,16-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. ТОПСIТ-ыг нэвтрүүлэхээр  Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар /хуучнаар МТШХХГ/, БНСУ-ын Мэдээллийн технологийг дэлгэрүүлэх институци /МТДИ/ хоорондын 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн харилцан ойлголцлын “Cанамж бичиг” хэрэгжиж ийнхүү биелэлээ оллоо. Өөрөөр хэлбэл дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мэдээллийн технологийн чиглэлийн  олон улсын шалгалтын 3 дах эрх Монголд баталгаажиж байгаа юм.

Олон улсын стандартын шалгуур үзүүлэлтэд суурилсан мэдээллийн технологийн ур чадвар, мэдлэгийг үнэлэх олон улсын ТОПСIТ шалгалт Монгол Улсад нэвтэрснээр албан ёсны зөвшөөрөлтэй дэлхийн 4 дэх орон болж байна. Монголоос гадна ТОПСIТ шалгалтыг нутагшуулсан гишүүн орнуудад өнөөдрийн байдлаар Солонгос, Тайланд, Франц Улс багтжээ.

Дэлхийд танигдсан ТОПСIТ буюу Мэдээллийн технологийн практик ур чадварын  2017 оны хаврын анхны шалгалтанд мэдээллийн технологийн салбарт ажиллаж буй инженер, техникийн ажилчид, програм хангамж хөгжүүлэгч залуус Та бүхэн хамрагдснаар дэлхийн хэмжээнд ур чадвараа сорьж, олон улсын түвшинд мэдлэгээ тодорхойлохоос гадна шалгалтын “анхдагчид” гэдгээрээ давуу талтай. ТОПСIТ шалгалтыг анх удаа Монголд зохион байгуулж байгаа гэдэг үүднээс шалгалтын бүртгэлийн хураамжийг энэ удаа эрх бүхий байгууллагаас 100 хувь чөлөөллөө. TOPCIТ нь мэдээллийн технологийн салбарын мэргэжилтэй боловсон хүчний ур чадварыг үнэлэх, олон улсын стандартыг хангахуйц тест, парктик хосолсон 5 түвшний 65 асуулттай 1000 оноогоор дүгнэдэг шалгалт төдийгүй шалгалтын материал англи дээр бөгөөд хэлний түвшнээ ч давхар бататгах боломтой юм. МТҮП-аас шалгалтын бүртгэлийг зарласан ба онлайнаар нээлттэй бүртгэхээс гадна өөрийн ажлын байрандаа давхар бүртгэж байна. Та бүхэн шалгалтын өдрөөс өмнө бүртгүүлж, шалгалтын эрхээ баталгаажуулаарай.

Жилд 2 удаа болох ТОПСIТ-ын шалгалтаас хамгийн өндөр оноо авсан тэнцэгч БНСУ-ын урилгаар тус улсын техник технологийн гайхамшигтай танилцах тусгай хөтөлбөрт хамрагдах  эрхтэй болно. Түүнчлэн босго оноог давсан шалгуулагчид олон улсын нэр хүндтэй сертификат гардах ба дэвшилтэт технологи, аргачлал бүхий олон улсын стандартын шалгуур үзүүлэлтийг хангахуйц мэргэжилтэн болж бэлтгэгдэхээс гадна оюунлаг үйлсийг дэлгэрүүлэх элч болж,  эх орондоо төдийгүй өөртэй оюуны хөрөнгө оруулалт хийж байгаа гэдгээрээ ач холбогдолтой юм.

ТОПСIТ-ын бэлтгэл ажлын хүрээнд манай байгууллага өнгөрсөн жил  МТШХХГ-тай  хамтран   МУИС, ШУТИС, “Хүрээ” МХТДС, “Их Засаг” ОУИС-ийн оюутан, мэдээллийн технологийн инкубаторт бойжиж буй компаниудын програм хөгжүүлэгч ажилтан, албан хаагч нарыг хамруулан хоёр удаа туршилтын сорилго шалгалтыг амжилттай зохион байгуулж байсан.

Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн дараах 3 шалгалтаар монгол хүн бүр олон улсад мэдлэг, ур чадвараа үнэлүүлэх илүү олон гарц, боломжийг нээлттэй болгож өгснөөр манай салбарын болон мэдээлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, инкубаторын үе, үеийн төгсөгч компаниуд, шалгалтыг зорин ирдэг шалгуулагч нар талархан хүлээн авч дэмждэгт МТҮП-ын хамт олон баярлаж цааш цаашдын шалгалтыг түгээн дэлгэрүүлж, өндөр түвшинд амжилттай зохион байгуулахын төлөө ажиллаж байна.

  1. Япон Улсад төвтэй олон улсад өрсөлдөх чадвар бүхий өндөр ур чадвартай мэдээллийн технологийн инженерийн шалгалт /ITPEC Information technology prpfessional examination council/
  2. Европт төвтэй Ази дах салбар нь Сингапур байрладаг Олон улсын компьютерийн хэрэглээний гэрчилгээ  олгох шалгалт /ICDL буюу International computer driving licence/
  3. БНСУ-ын Мэдээллийн технологийг дэлгэрүүлэх институцид төв нь ажилладаг Мэдээллийн технологийн практик ур чадварын үнэлгээний шалгалт /TOPCIT буюу Test of practical competency in IC/

Ийнхүү тус бүрийн онцлогтой шалгалтыг нэвтрүүлснээр бүх нийтийн мэдээллийн технологийн суурь мэдлэг, төрийн албан хаагчдын ур чадварыг тодорхойлох үнэлэх олон улсын шалгалтын цогц системийг бүрдүүлж чадлаа гэж хэлж болно. Түүнчлэн Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон мэдээллийн технологийн чиглэлээр төрөөс баримтлах бодлогын нэг хэсэг биелэж байгаа юм.

 

TOPCIT-ын анхны шалгалтанд бүртгүүлсэн оюунлаг Та бүхэндээ амжилт хүсье!

Салбарын байгууллагууд