Би хэрхэн ажилладаг вэ?-МТҮП-ийн ерөнхий захирал Б.Буян-Өлзий

Би хэрхэн ажилладаг вэ?-МТҮП-ийн ерөнхий захирал Б.Буян-Өлзий

“Би хэрхэн ажилладаг вэ?” булан маань төрөл бүрийн салбарт ажилладаг хүмүүсийг танилцуулахыг зорьдог билээ. Энэ удаа бид төрийн албанд амжилттай ажиллаж яваа залуухан эрхмийг урилаа. Тэрээр Монгол улсын мэдээллийн технологийн салбарын төрийн гол байгууллага болох МТҮП-ийн ерөнхий захирлын албанд томилогдоод удаагүй байгаа юм. Та бүхэн Б.Буян-Өлзий захирлын ажлын арга барил хийгээд нэг талаас төр, нөгөө талаас стартап компаниуд, технологийн салбарынхантай ажилладаг энэ байгууллагад ямар ямар шинэ ажлуудыг санаачлан хэрэгжүүлэх байгаатай нь танилцана уу.

Таны ажлын хамгийн онцлох арга барил?

Миний онцлог гэвэл аливаа ажлыг эхлүүлэхдээ эхнээс нь үр дүн гарах хүртэл нь дотроо төсөөлөн, замын зураг гаргадаг. Тэгээд дараа нь төсөөлснөө цаасан дээр буулган хийж эхэлдэг дээ. Харин хийхдээ хурдтай, хариуцлагатай, өөриймсөг байхыг чухалчилдаг.
Мөн зарчим барьж ажиллахыг эрмэлзэнэ. Төрийн албанд ажилладаг гэлтгүй хүн бүрт хэрэгтэй чанар болов уу.

Та хамгийн их ашигладаг, ашиглах дуртай програм, аппликэйшнүүдээсээ нэрлэнэ үү?

Би мэдээлэл, холбооны технологийн мэргэшсэн инженер хүн. Хоббигоороо Creative Cloud буюу Adobe-ийн програмуудыг их оролддог. Adobe Photoshop, Adobe Flash, Adobe IIlustrator зэргийг ашиглана. Одоо Adobe After Effects-ийг сонирхон, youtube-ээс хичээлүүд харж байгаа. Ийм ч учраас хүчин чадал сайтай компьютер ашиглахыг боддог юм.

Өдөр тутмын ажилд бол Google Drive, Google Calendar, сошиал медиа апп-уудыг ашиглана. Мөн гадаад хэл сурах Tandem, такси барихад ашигладаг Taxidyoo зэрэг апп-ийг дурдаж болно.FitProSport гээд бас фитнессээр хичээллэдэг хүмүүст тохиромжтой их аятайхан апп байдаг. Тухайн дасгалыг яаж хийх вэ, хийвэл ямар булчинд нөлөө үзүүлэх вэ гэдгийг анимэйшнээр харуулдаг.

Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Минийхээр цаг хэмнэх хамгийн сайн арга бол сайн төлөвлөлт. Хийж гүйцээх ажлуудаа өдрөөр, 7 хоногоор, сараар хийж гүйцээх ажлуудаа төлөвлөнө. Гадуур уулзалтуудтай бол энд тэнд биш, нэг талаас нь нөгөө рүү хөөж явахаар тааруулна.

Та хийх ажлын жагсаалтаа юун дээр, яаж хөтөлдөг вэ?

Google Calendar дээр цаг зоосон ажлуудаа бичдэг. Evernote –ийг төрөл бүрийн тэмдэглэл хийхдээ ашигладаг. Evernote–ийн функцууд нь их таалагддаг шүү. Мөн Google Drive-ийг дурдаж болно.

Та ямар зүйлсийг хийхдээ гаргууд вэ?

Аливаа ажлыг анхнаас нь системчилж харах, том зургаар нь харахдаа муугүй гэж боддог. Найзууд маань бас намайг хүлээцтэй, хүнийг сайн сонсдог гэж хэлдэг юм. Мөн жаахан гарын дүйтэй. Өнгөрсөн зун зуслангийн байшингийнхаа дотор засал, гадаад тохижилт болон ор гэх мэт зарим зүйлийг өөрөө хийсэн шүү.

Хийж байгаа ажлын тань онцлог нь юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Мэдээллийн технологийн чиглэлээр ажиллах сайхан л даа. Яагаад гэвэл мэдээллийн технологи бол ирж байгаа цаг. Би энэ салбарт 2-р курсээсээ л ажиллаж эхэлсэн. Найзуудтайгаа компани байгуулж ажилласнаас эхлээд АН-ын хэрэг эрхлэх газар, Их хурлын тамгын газар, Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан зэрэг байгууллагад ажиллаж байлаа. Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн ажлын албаны даргаар гурван жил гаруй хугацаанд ажиллахдаа ес орчим тэрбум төгрөгийг цуглуулан бүрдүүлж, нэлээд хэд хэдэн том төслийн хэрэгжүүлэхэд гар бие оролцсондоо баяртай явдаг юм. Тухайлбал, 21 аймаг 250 гаруй сумдад 1.2 тэрбум төгрөгөөр хэрэгжсэн “Монгол улсын интернэтийн үнийг 2 дахин бууруулж, хурдын 3 дахин нэмэгдүүлэх” төсөл, Алтанбулагаас Замын үүд хүртэлх автозам, төмөр замийн дагуу 3G сүлжээг тасралтгүй тавих төсөл, 40 гаруй сум суурин газарт үүрэн холбооны үйлчилгээ буюу гар утасны сүлжээ нэвтрүүлэх төсөл зэргийг дурдаж болно.

Энэ салбарт бүх зүйл нээлттэй, олон сайхан боломж бий. Монгол улсын хувьд мэдээллийн технологийн суурь болох харилцаа холбооны дэд бүтэц харьцангуй сайн тавигдчихлаа. Одоо гагцхүү хөрөнгө зарж бүтээн босгосон дэд бүтцээ ашиглах нь чухал. Үүн дээр хоёр асуудал гарч ирж байгаа юм. Нэгт, мэдээллийн технологи, харилцаа холбооны хэрэглэгчдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх. Энэ хүрээнд 2014-2015 онд ШУТИС-ийн МХТС-тай хамтран 21 аймаг 330 суманд боловсрол олгох төсөл хэрэгжүүлж байсан. Дараагийнх нь үндэсний контентийн асуудал. Хэрэглэгчид мэдлэгтэй болоод ирэхээр тэдний хэрэгцээг хангах контент зайлшгүй чухал болж ирнэ. Ай Ти Парк ч үндэсний контентийн чиглэлд онцгой анхааран ажиллахаар төлөвлөж байгаа.

Мэдээж бас асуудал бэрхшээл бий л дээ. Энэ салбарт хууль эрхзүйн орчин бүрэн гүйцэд бүрэлдээгүй, төсөв санхүүжилт бага, хэрэглэгчдийн сэтгэлзүй төлөвшөөгүй, програм хангамжийн компаниудын хүний нөөц чадавх сул гэх мэт асуудлууд байгаа боловч, өөрөөр хэлбэл экосистем нь бүрэн бүрэлдэж амжаагүй байгаа боловч эдгээр асуудлууд яваандаа цэгцэрч шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байдаг. Ер нь мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарт төр бодлого гаргаж, зохицуулалт хийж өгөөд бусад зүйлсийг хувийн хэвшилд үлдээх хэрэгтэй гэж бодож явдаг.

Та яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

1972 оноос эх суурь нь тавигдсан энэ байгууллагад 2003 онд бизнес инкубатор төв байгуулагдсан байдаг. Өнөөг хүртэл бизнес инкубатороос 114 компани бойжиж гарснаас өдгөө олон компани нь зах зээл дээр амжилттай явж байна. Хамгийн тод жишээ нь Интерактив компани. Миний хувьд энд ирээд, Ай Ти Парк 13 жилийн хугацаанд стартап компаниудыг бойжуулах тал дээр амжилттай ажиллажээ, одоо харин дараагийн эрс шийдэмгий алхмыг хийх ёстой гэж үзсэн. Ингээд “IT Park 2.0” нэртэй төслийг санаачлан хэрэгжүүлэхээр 5 үндсэн ажлыг төлөвлөөд байна. Үүнд:

1. Инкубаторын жилдээ 2-3 элсэлт авдгийг нэмэгдүүлнэ. Виртуал инкубатор буюу дундын оффисыг үүсгэж (Co-founder Space), бизнес инкубаторын дараагийн шат болох Accelarator хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм.
2. Олон улсын болон дотоодын мэдээллийн технологийн төв байгуулна. Одоо манай дээр ITPEC, ICDL гэсэн шалгалтууд авдаг. Үүн дээр олон улсын TOPCIT шалгалт болон хувь хүний мэдээллийн технологийн мэдлэгийн түвшин тогтоох стандарт шалгалтуудыг энэ жилээс авч эхэлнэ.
3. Өндөр технологи болон хэрэглээний сургалтуудыг зохион байгуулна. Өдгөө Oracle, PHP зэрэг сургалтууд явдаг ч сурах хүн нь гүйцчихээд байгаа байдал ажиглагддаг. Тиймээс шинэ Platform Engine сургалтыг явуулна. Ай Ти Паркийн хувьд дэд бүтэц сайтай болсон ч шинэ технологиудыг ашиглах хүний нөөц дутагдалтай байгаа тул эдгээр сургалтууд, мэргэжлийн хүмүүсийг чадавхжуулах асуудалд их чухал.
4. Оюуны өмчийн бирж ажиллуулах. Оюуны өмчийг нь сайн хамгаалж чадвал манай технологийн компаниуд дэлхийд амжилт гаргах магадлал нэмэгдэнэ.
5. Дэлхийн хэмжээний стартап компанийг байгуулах. Энэ тал дээр бид сайн хэлэлцэж байгаа. Манай инкубатор компаниудаас Alchemist компани Цахиурын хөндийд 2 сар туршлага судлаад ирсэн. Гол бэрхшээл нь хүний нөөц, чадварлаг багийн асуудал байсан гэж ярьж байна лээ.

Энэ төслийг хэрэгжүүлснээр Ай Ти Парк зөвхөн түрээслэгч байгууллага байх биш инноваци, технологи гаргаж нэвтрүүлдэг технологийн парк болох юм.

Та ажиллаж байх үедээ ямар хөгжим сонсдог вэ? Ямар төрлийн хөгжил таныг эрч хүчтэй болгодог вэ?

Бүх төрлийн хөгжим л сонсдог доо. Тухайн үеийн сэтгэл санааны байдлаас хамаарна. Гадаадаас 2000-аад оны орос дуунууд, Coldplay, Lykke Li гэдэг дуучин, Монголоос Моханик хамтлагт дуртай. Сүүлийн үед Colors хамтлаг бас таалагдаж байгаа.

Та яг одоо ямар ном/нийтлэл уншиж байна?

Бизнес модель бүтээх нь” гэдэг номыг харж байна. Хийж байгаа ажилтай маань холбоотой, санаа сэдэл авах зүйлс олон байдаг.

Амралт, чөлөөт цагаараа “Зэн буддизм” номыг уншиж байна. Юуны төлөө амьдраад, ажиллаад байгаагаа бодмоор үедээ харж байвал их зүгээр ном байна лээ. Миний хувьд буддын шашин шүтдэг. Шүтээд байгаа зүйлийнхээ учир шалтгааныг ойлгохын тулд уншиж судлах хэрэгтэй. Зэнгийн сургаальд нэг ийм үг байдаг нь надад их ойрхон санагддаг:

“Тулман хөөргө улайдсан бүрээг үлээнэ,
Дөшин дээр илдийг давтана.
Тун саяхан л, энд хэвтсэн нөгөө л төмөр шүү дээ
Гэтэл одоо ир орж байна”

Та илүү нээлттэй хүн үү, эсвэл илүү дотогшоо хүн үү? Энэ нь таны ажилд яаж нөлөөлдөг вэ?

Шууд аль нэг нь гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ ярихаас илүү боддог тал нь давамгайлдаг байх. Заримдаа унтахынхаа өмнө ажил бодчихвол яаж хийвэл зүгээр бол гэх мэтийн бодолд автаад нойр хүрдэггүй тал бий. Хэсэг газар үс халцраад эмчид үзүүлтэл “Хэт их юм бодоод байна” гэсэн шүү (инээв).

Та хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг вэ?

Орой 11-12 цагийн хооронд унтахыг хичээдэг. Өглөө бол оройтлоо гэхэд 07.30 цагт босно. 08.30 цагт ажил эхэлдэг.

Таныг ажиллаагүй үед чинь хаанаас олж болох вэ?

Долоо хоногтоо фитнестээ 2 удаа явчихна. Нэг удаа заал авчихна. Оюутан байхдаа их сургуулийнхаа сагсны шигшээд тоглож байсан. Мөн сүүлийн үед өөрийгөө хөгжүүлэх зорилгоор гадаад хэлний сургалтанд сууж байна даа. Хүн өөрийгөө байнга л хөгжүүлж байхгүй бол арагшаа ухардаг гэж боддог.

Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч олж авдаг вэ?

Ээж минь миний насан дээр ах бид хоёрыг өсгөх гэж 2 ажил хийдэг байсан юм. Өдөр нь төрийн албанд, орой нь хувийн байгууллагад ажиллаад зургаан цаг ч унтаж амждаггүй байсан. Намайг өдий зэрэгтэй болгох гэж өнөөг хүртэл асар их хөдөлмөрлөж ирснийг нь бодохоор сайн ажиллах, сайн явах их эрч хүч олж авдаг.

За тэгээд ажлын бус цагаар гэр бүл, найз нөхдөөсөө л энерги сэлбэнэ шүү дээ. Моханик хамтлагийн нэг дуунд                                         “Надаа зөндөө найз бий
Тэд нар бүгдээрээ янз бүрийн хэлбэртэй
Бүгдээрээ нийлээд жаргалтай хэлбэртэй
Хамтдаа байхдаа үрчийтлээ мишээнэ” гэж гардаг шиг салбар салбарын олон сайхан найз нөхөдтэй.

Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

Би 2008-2012 онд АН-ын хэрэг эрхлэх газар ажилласан юм. Тэр үед даргын маань хэлсэн үг байнга бодогддог. “Буян-Өлзий, чамд хүн ямар нэг барьц өгвөл түүнийг нь улам л лавшруулж барьдаг байх хэрэгтэй” гэж хэлж байсан юм. Аливаа боломжийг олж авбал сайн хичээгээд түүнийгээ чулуу болгох хэрэгтэй гэсэн үг л дээ.

Тэрэн шиг хүн ер нь байгаа газраа урган цэцэглэх ёстой гэж би боддог. Ажиллаж байгаа газраа өөрөө ч хөгжөөд, бусдад ч эергээр нөлөөлөөд, тэр газраа ажилласан шиг ажиллавал сайхан.

Энэ булангийн дараагийн зочноор хэнийг оруулж, ажлынх нь арга барилын талаар мэдмээр байна?

МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн Нийгэм, соёлын антропологийн тэнхмийн эрхлэгч, доктор, профессор Д.Бум-Очирыг оролцуулбал сонирхолтой болов уу.

Мэдээллийн эх сурвалж: www.unread.today

Pic2

  • 2016-02-03
  • Уншсан:4956
  • Tags:

Салбарын байгууллагууд