Аж үйлдвэрийн яам, Сэлэнгэ аймгийн засаг даргын тамгын газраас хамтран зохион байгуулсан “Монголд үйлдвэрлэв – Аж үйлдвэрийн чуулган 2016” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.
Мэдээллийн технологийн шинжлэх ухааны паркаас гарааны бизнесийн эко орчныг бүрдүүлэх ажлын чиглэлээр тус чуулганд оролцож, “Гарааны бизнес, бүтээн байгуулагчдын нэгдэл: Бизнесийн парк” сэдвээр тус паркийн ерөнхий захирал Б.Буян-Өлзий илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
“Бизнесийн парк” илтгэлийн ерөнхий агуулга нь гарааны бизнес болон энтрепренёр гэж хэн болох, Мэдээллийн технологийн шинжлэх ухааны паркийн зүгээс энтрепренёруудыг дэмжих бодлогын хүрээнд ямар арга хэмжээ, үйл ажиллагаануудыг хэрэгжүүлдэг, гарааны бизнесийн эко орчныг бүрдүүлэхэд зайлшгүй шаардлагатай байгаа Бизнес инкубаторын ач холбогдол, үйл ажиллагааны талаар жижиг дунд бизнес эрхлэгчдэд нэгсдэн ойлтолт өгснөөрөө чухал ач холбогдолтой байлаа. Хөдөө орон нутгаас энтрепренёруудыг хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх нь Монгол улсын ирээдүйн хөгжилд нэн чухал юм.
Чуулганы бас нэгэн онцлог илтгэл бол Аж үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж буй “Аж үйлдвэрийн цахим мэдээллийн сан” төсөл байлаа. Энэхүү төсөл нь үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудыг бүртгэлжүүлж, мэдээллийн нэгдсэн санг бий болгох зорилготой. Монгол улсын хэмжээнд бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдийг нэгдсэн мэдээллийн санд хамруулснаар цахим худалдааны салбарт чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.
Мөн үүнээс гадна “Том үйлдвэрлэлийг дагасан бизнесийн кластер хөгжил”, “Брэнд бүтээгдэхүүн хэрхэн бий болгох вэ?”, “Цахим сүлжээг бизнестээ хэрхэн ашиглах вэ?” зэрэг сэдвүүдээр жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан илтгэлүүд тавигдлаа.
Бизнесийн паркийн ач холбогдлыг гарааны бизнесүүдэд таниулах, үйл ажиллагааг сурталчилах үүднээс оролцож буй энэхүү чуулган нь Мэдээллийн технологийн шинжлэх ухааны паркийн хөдөө орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлийн хүрээнд хэрэгжиж буй төсөлд хамрагдсан хоёр дахь аймаг болж байна. 2016 оны 03-р сард “Өмнөговийн Бүтээн Байгуулалтын Корпораци ХК”-ийн дэргэд Бизнесийн парк нээж ажиллуулахаар болсон юм.