МТ-ШУП нь олон улсын шалгалтын 3 дахь эрхээ гардан авлаа

МТ-ШУП нь олон улсын шалгалтын 3 дахь эрхээ гардан авлаа

Мэдээллийн технологийн Шинжлэх Ухааны Парк нь /МТ-ШУП/ нь Мэдээллийн технологийн салбарт ажиллаж буй мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадварыг үнэлэх  зорилго бүхий БНСУ-ын “TOPCIT” олон улсын шалгалтын төвийг нээж, өнөөдөр буюу 2016 оны 05 сарын 25-ны өдөр тус паркийн 302 тоот танхимд нээлтээ хийж, албан ёсны шалгалт зохион байгуулах эрхээ гардан авлаа.

Ингэснээр МТ-ШУП нь олон улсын шалгалт зохион байгуулах албан ёсны  3 дахь эрхээ авч байгаа юм.

Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарт мэдээллийн технологийн практик ур чадварын үнэлгээний шалгалт (TOPCIT)-ыг  нэвтрүүлэхээр БНСУ-ын Мэдээллийн технологийг дэлгэрүүлэх институци (IITP)-тэй, Мэдээлэл технологи шуудан харилцаа холбооны газар (МТШХХГ) нь 2015 оны 10-р сарын 07-ны өдөр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан.

Мөн МТ-ШУП нь  МТШХХГ-тай  хамтран  “TOPCIT”-ыг нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэх шалгалтын системийг зохион байгуулах зорилгоор 2016 оны 2 сар болон 3 сард  МТ-ийн мэргэжилтнүүд болон МУИС, ШУТИС, Хүрээ МХТДС, Их Засаг ОУИС-ийн оюутан, мэдээллийн технологийн инкубаторт бойжиж буй компаниудын програм хөгжүүлэгч ажилтан, албан хаагч нарыг хамруулан хоёр дахь удаагаа  сорилго шалгалтыг амжилттай зохион байгуулсан юм.

    МТ-ШУП нь “TOPCIT” олон улсын шалгалтыг өнөөдрөөс эхлэн Монголдоо анх удаа   нэвтрүүлж эхэллээ

Тус арга хэмжээг нээж МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа, БНСУ-ын IITP-ийн ерөнхийлөгч Dr.Lee, МТ-ШУП-ийн ерөнхий захирал Б.Буян-Өлзий нар үг хэлсэн ба арга хэмжээнд ХХЗХ-ны дарга Ц.Балгансүрэн, IITP-ийн бизнесийг дэмжих хэлтсийн дэд ерөнхийлөгч судлаач Shim JangSup Ph.D, Хүний нөөц хөгжүүлэлтийн  хэлтсийн орлогч захирал Oh Jun Young, Монголын цахилгаан холбоо ХК-ий  захирал Т.Батмагнай, МТ-ШУП-ийн ИБХТ-ийн дарга П.Наранцэцэг, МТШХХГ-ын ХХШХХ-ийн дарга Г.Чинзориг, МТХ-ийн дарга Ц.Оюун нар болон салбарын бусад төлөөлөгчид оролцов.

“TOPCIT” нь мэдээллийн технологийн салбарт ажиллаж буй инженер, техникийн ажилчид,  программ хангамж хөгжүүлэгчдийн мэргэжлийн ур чадварыг үнэлэх, олон улсын стандартыг хангахуйц тестийн тогтолцоог бүрдүүлэх, дэвшилтэт технологи, аргачлалд суурилсан сургалт, шалгалтын систем бөгөөд уг шалгалтыг компьютер дээр 5 түвшний 65 асуултаар нийт 1000 оноогоор дүгнэдэг шалгалт юм.

Тус шалгалтыг Монголд нэвтрүүлснээр:                          

  • Монгол хүн бүр олон улсын шалгалтыг тухайн улсыг зорьж бус эх орондоо хүссэн үедээ өгч  мэдлэг, оюунаа сорих нөхцөл нээлттэй болох
  • Програм хангамжийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, тестлэх, лицензжүүлэх, чанарыг дээшлүүлэх олон улсын түвшинд үнэлэгдэхүйц чадвартай болох
  • МТ-ийн давтан мэргэших боломж бүрдэх
  • Олон улсын стандартыг хангасан хүний нөөцтэй болох
  • Дэлхийд танигдсан үндэсний үйлдвэрлэгч компани болох нөхцөл бүрдэх
  • Олон улсын жишиг стандартын дагуу мэдээлэл технологийн шалгалтын төвлөрөл бий болох
  • Түүнчлэн олон улсын зах зээлд өндөр эрэлттэй байгаа дижитал контентын чиглэлийн бизнесийг хөгжүүлэх, энэ чиглэлийн мэргэжилтнүүдийг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд нь дэмжлэг үзүүлэх орчин, нөхцлийг бүрдүүлэх
  • МТ-ийн нэгдсэн бодлого боловсруулах хэрэгжүүлэх үндэс болох
  • Бүх нийтийн мэдээллийн технологийн хэрэглээний түвшинг олон улсын чанарын түвшинд хүргэх зэрэг боломжууд бүрдэж байгаагаараа онцлог, давуу талтай.

Topcit

 

Салбарын байгууллагууд