Дэлхийн түвшинд суралцангаа эх орондоо баялаг бүтээх боломж ирлээ

Дэлхийн түвшинд суралцангаа эх орондоо баялаг бүтээх боломж ирлээ

—–Оюутнууд контентаа “Оюутан бизнес инкубатор” – т үйлдвэрлэнэ—–

Дэлхийн топ Мичиган, Пенсильванийн их сургууль, ШУТИС-ийн оюутнууд Монголын анхны “Оюутан бизнес инкубатор”-т бойжихоор бизнесийн эхлэлээ тавьлаа. Гадаад, дотоодод өөр өөр мэргэжлээр суралцагч оюутнууд маань хил хязгаар үл харгалзан нэг хүсэл, нэг зорилгын төлөө нэгдэж технологид суурилсан шинэ, шинэлэг санаагаа инноваци болгон хөгжүүлэхээр суралцангаа гарааны бизнесээ эхлүүлж байна. Баялаг бүтээх оюутнуудын  багийн нэр “ Хөтөч”. Төслийн гишүүд нэг үеийнхэн. Тэр дундаа 10 жилийн 1-р дунд сургуулийн нэг ангийн найзууд. Төслийн удирдагч буюу багийн найман гишүүний “лед” нь Э.Өсөхбаяр, Монгол дахь багийн ахлагч Б.Баяржавхлан нар Мичиганы их сургуульд  үйлдвэрлэл, цахилгааны инженер мэргэжлээр тус тус суралцдаг.  Оюутнуудын бүтээлч шинэ санаа хэрхэн яаж төрсөн, төслийн үр дүн хэнд, хэрхэн, яаж хүрэх, тэдний зарим нэг мөрөөдөл хийгээд зорилгын талаар Э.Өсөхбаяр, Б.Баяржавхлан нартай товч ярилцлаа.
shirt

-Оюутны амралтаараа Монголдоо ирэхдээ энэ зуныг найзуудаараа яаж өнгөрөөнө гэж зураглаж байв. Магадгүй манайхаас зарласан “Оюутан бизнес инкубатор”-ын сонгон шалгаруулалт давхацсан нь Та бүхний зорилгоо биелүүлэх эхний азтай завшаан байж болох уу?

-Амралтаараа ирээд “Хөтөч” төслийнхөө хүрээнд Монголчуудтайгаа ярилцлага хийж, инженерийн чиглэлийн 11 цуврал нэвтрүүлгийн контентийг  бэлэн болгож дуусгах, Монгол дахь багийн хүчийг зузаатгах гэсэн хоёр зорилоготой ирсэн. Гэтэл “Оюутан бизнес инкубатор” хөтөлбөр үнэхээр цагаа олсон шалгаруулалт болсон. Манай баг Монголд яг тогтсон оффис байхгүй, кофе шоп-д орж ажлаа явуулаад нэг сар болж байсан. Яг энэ үед энэхүү шалгаруулалт болж, уралдаанд тэргүүлж өөрсдийн гэсэн оффистой болсондоо их баяртай байгаа. Тухайлбал, МТҮП-аас зарласан “Оюутан бизнес инкубатор”-аар дамжуулж олон оюутнууд мэдлэгээ баялаг болгож улмаар гарааны бизнес эрхлэх боломж олгосон гэдгийг бусад найз нартаа дуулгахнаа сайхан байна. Паркаас олгосон энэ боломж цаг үеэ мэдэрсэн чухал хөтөлбөр. Монголд ийм сайхан хөтөлбөр хэрэгжиж байгаа нь дотоод, гадаадын их, дээд сургуулийн оюутнуудад эх орондоо инноваци бүтээх эхлэл, сэдлийг төрүүлэх нь дамжиггүй. Манай баг оюутан инкубаторт бойжиж бизнес санааныхаа эхлэлийг тавьж, инновацийн анхдагч гишүүн болсноороо бахархаж, маш их баяртай байгаа. Нөхцөл нь бүрдэж, оюутнуудаа дэмжвэл заавал ч үгүй гадаадад зуны амралтаараа түргэн хоолны газар ч юм уу ажиллаж байхаар эх орондоо баялаг бүтээж болно гэдгийг харуулах жишээ бол манай багийнхны энэ ажил. Эх орондоо ирээд сайхан байна. Ялангуяа бие даан ажиллахад бидний гэр бүл, тэр дундаа паркийн хамт олон дэмжиж инкубатортаа бойжуулж байгаад талархаж байна.

-Оюутнуудын  бизнес санаа хэрэгжсэнээр хэн, хэзээ үр дүнг хэрхэн мэдрэх вэ?

-Манай “Хөтөч” төсөл арван жилээ төгсөж байгаа эсвэл мэргэжил сонголт хийх шаардлага тулгарсан хэн болгонд зориулсан төсөл юм. Төслөө 3 үе шаттай хэрэгжүүлнэ. Эхний шат нь инженер, бизнес, шинжлэх ухаан/урлаг гэсэн гурван салбарын нийтдээ 30 орчим мэргэжил сонгон авч тухайн мэргэжил тус бүрт нь тэрхүү чиглэлийн оюутан, профессор, ажилтан, ажил олгогч нартай Америк болон Монголд уулзаж, цуврал нэвтрүүлэг бэлтгэх юм. Эхний инженерийн арван нэгэн дугаараа 2017 оны ЭЕШ-аас өмнө өөрсдийн “Хөтөч” цахим хуудас, Youtube-ээр цацах төлөвлөгөөтэй байна.

Хоёрдугаар шат маань өөрсдийн гэсэн цахим хуудсаараа дамжуулж залууст мэргэжил сонголтын платформ бэлтгэж өгөх юм. Товч тайлбарлавал, та манай цахим хуудас уруу ороод эхлээд хэрэглэгч болж бүртгүүлнэ. Хэрэглэгч болсны дараа танаас хувь хүний онцлог, ур чадвар болон мэргэжил сонголтын тест аваад үр дүнд нь  танд тохирох 3-5 мэргэжлийн талаар фактууд мөн бидний бэлтгэсэн нэвтрүүлэг гарч ирэх бөгөөд тухайн таны сонирхож байгаа мэргэжил олгодог их, дээд сургууль, тухайн сургуулиудын ЭЕШ-ын босго онооны талаархи мэдээлэл цогц байх юм. Та илүү их мэдээлэл авахыг хүсэх юм бол бидний цахим хуудсанд хэлэлцүүлгийн хэсэг байх ба та мэргэжлийн талаар сонирхсон асуултандаа нэвтрүүлэгт оролцсон тухайн салбарын профессор, ажилтан, ажил олгогч болон бусад хэрэглэгчдээс хариулт авна. Платформоо 2017 оны хавар гаргах төлөвлөгөөтэй байгаа.

Гуравдугаар шат нь онлайн орчноор дамжуулан арван жилийн сурагч үед нь олгох сургалтын хөтөлбөр боловсруулах юм. Уг хөтөлбөрөөр дэмжуулан ерөнхий боловсролын сурагчдын ангийн ажлын цагаар мэдлэг олгож, төгсөх ангийн сурагчдад мэргэжлийн болон хувийн зөвлөгөө өгөх, сонирхсон мэргэжлээр танилцах дадлага хийлгүүлэх гэх мэт төлөвлөсөн зүйл их байгаа.

Бидний төслийн үр дүнг мэргэжлээ сонгох гэж байгаа залуус, тэдний эцэг, эх болон чадварлаг хүний нөөцтэй болохыг хүсч буй компаниуд хамгийн их мэдэрнэ.

-Өнөөдрийн оюутнууд наанадаж 4 жилийн дараа төрийн болон бизнесийн салбарт ажиллана. Чанартай боловсон хүчин төрөх нь дуртай мэргэжлээ сонгохоос эхлэнэ. Та нарын ажил үнэхээр цаг үеийн чухал сонголт тул яарч байна уу?

-Мэргэжлээ буруу сонгох нь зөвхөн хувь хүний амьдралд нөлөөлөөд зогсохгүй, Монголын эдийн засгийн хөгжлийг удаашруулж байна. Бидний түүврийн аргаар 200 оюутнууд болон ажил дээр гарсан хүмүүсээс авсан судалгаагаар 40% нь хэрэв дахин мэргэжлээ сонгох боломж олдвол одоогийн сурч байгаа мэргэжлээ сонгохгүй гэж хариулсан байна. Энэ судалгааны үр дүнг томруулан харах юм бол, ямар олон залуус 4 жилээ хэрэггүй үрж, ямар их мөнгө үр ашиггүй үрэгдэж байгааг харж болно. Тиймээс бид нэг ч гэсэн хүүхэд мэргэжлээ зөв сонгоосой, түүнд нь бидний нөлөө бага ч гэсэн байгаасай хэмээн хүсч өөрсдийн ажлыг эрчимтэй явуулж байна.

-Америкт суралцана гэдэг оюутнуудын мөрөөдөл. Энэ мөрөөдлийг танай багийн гишүүнийн 4 нь биелүүлсэн гэдэг маш том амжилт. Амжилт юундаа байна вэ, үеийнхтэйгээ хуваалцахгүй юу?

-Арван жилээ төгсөөд гадаадад суралцаж Монголыг гаднаас нь харах, хажуугаар нь дэлхийн түвшинд хүссэн мэргэжлээрээ суралцах хүсэлдээ хөтлөгдөж сургуульдаа тэнцсэн. Надаас гадна олон Монгол залуус Америкт суралцах болсон. Монгол залуус хичээвэл бүгд амжилтанд хүрч чадна гэдэгт итгэлтэй байдаг.

Бид 10 жилийн нэг ангийнхан гэдгээрээ бас бахархдаг. 1-р сургуулийн багш нар “Юм   дуулгах сайн шавь нар” гэж итгэл өгч, урам хайрладаг байсан. Хайртай багш нарын итгэл даасан шавь нар өнөөдөр мөрөөдлөө биелүүлэхээр шамдацгааж байна. Сургуулийнхаа бүх багш нарт баярлаж явдаг бөгөөд бүгдэд нь эрүүл энхийг хүсэн ерөөж байгааг МТҮП-ынхаа энэ бичил ярилцлагандаа дайж байна.

-Оюутнууд бүгд эх оронч, бүтээлч, оюунлаг байхад нөлөөлөх эерэг, сөрөг тал байна гэж боддог уу?

-Монголд бүх юм хурдан хурдан байдаг болохоор залуучууд маань шинэ юм сурах, туршихдаа их соргог байдаг юм болов уу. Сул тал гэвэл залуучууд маань мэдээлэл дутуу, бусдаас асуухгүйгээр харанхуй шийдвэрүүд гаргаад байх шиг. Өмнөх туршлагатай хүмүүсээс ичих зовох зүйлгүй, мэдэхгүй зүйлсээ ихээр асууж байгаасай л гэж хүсч байна даа.

Дашрамд сонирхуулахад, манай оюутнуудын хамт Америкаас хоёр эмэгтэй оюутан Мичиганы их сургуулиас ирж Монголд дадлага хийж байгаа юм байна. Гэхдээ “Хөтөч” төсөлд Америк оюутнууд огт хамааралгүй. Marina Garcia, Quanshay Henderson нар өөрсдийн эрдэм шинжилгээний ажлын хүрээнд Монгол орны ундны усны судалгааг хийх даалгавартай. Энэхүү ажил нь олон улсын түвшинд хийгдэж байгаа анхны ажил бөгөөд магадгүй уул уурхайн олборлолт хийж байгаа гадныхан байгальд сөрөг нөлөөлөл үзүүлбэл олон улсын шүүхэд хандахад судалгаа, нотолгооны үнэтэй материал болох Монголд их ашиг тусаа өгөх юм байна. Ийнхүү орон орны оюутнууд нийгэмд өндөр ашиг тустай ажлаа дор бүрнээ хийж, улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж байна. 

Манай оюутан инкубаторынхан контентийнхаа зураг авалтийг Дархан, Эрдэнэт, Хөвсгөлийн 10 жилийнхнээс эхлүүлэхээр ажлынхаа их аянд гарлаа. Шинийг эхлүүлж сэдэж буй оюутнууддаа амжилт хүсье.

geree

Монголын анхны “Оюутан бизнес инкубатор”-т төслөө хэрэгжүүлэх АНУ-д суралцдаг монгол оюутнуудын төлөөлөл өрөөнийхөө түлхүүрийг гардаж, анхны гэрээгээ байгуулж буй агшин

montsame

Олон улсын МонЦаМэ агентлаг “Оюутан бизнес инкубатор”-ын оюутны багийг онцоллоо.

songon shalgaruulalt

Дэлхийд computer science-н чиглэлээр 7-т жагсдаг University of Michigan, Pennsylvania State University-дад суралцдаг оюутнууд ШУТИС-ийн оюутнуудтай нэг баг болж “Оюутан инкубатор”-т бойжиж гарааны бизнесээ “босгоно”.

Монголын анхны “Оюутан бизнес инкубатор”-т монгол оюутнууд гарааны бизнесээ бойжуулж, баялаг бүтээхээр төслөө танилцуулж байна.

shar

”Хөтөч”-ийнхний Мичиганы их сургуулийн америк найзууд. Тус сургуулиас Монголд зуны дадлагаа хийж байгаа Marina Garcia.

xar

Оюутан Quanshay Henderson-д монгол ахуй их таалагджээ. 

hutuch

Манай “ Хөтөч” төслийн гишүүд Америкт.

Салбарын байгууллагууд