Виртуал инкубаторын гишүүн Э.Жавхлан: Эрүүл мэндийн судалгааны ажилд хөрөнгө босгоно

Виртуал инкубаторын гишүүн Э.Жавхлан: Эрүүл мэндийн судалгааны ажилд хөрөнгө босгоно

Монгол бүсгүйчүүд гэртээ хүүхдээ харангаа хажуугаар нь ажил хийх боломж хомс байдаг. Тэгвэл орон зай, цаг хугацааг үл харгалзан шинэ санаатай ээж, иргэн, компани гээд хүссэн хүн бүрт нээлттэй “Виртуал инкубатор” үйлчилгээг МТҮП-аас нэвтрүүлээд 2 жил болж байна. Энэ жилийн хувьд “Виртуал инкубатор”-ын тав дахь гишүүн Э.Жавхлан ээжүүдэд зориулсан анхны монгол аппликэйшн хөгжүүлэх бизнес санаагаа гэртээ хүүхдээ харж байхдаа олжээ. Залуу ээж Э.Жавхлан маань өөрийн санаа “МаМа Апп”-ээ  зах зээлд нэвтрүүлэх бизнес төлөвлөгөөтэй “Виртуал инкубатор”-т бойжих ажлаа эхлүүлсэн юм. Өнгөрсөн 6 сарын хугацаанд хөгжүүлэлтийнхээ 70 гаруй хувийг амжуулсан бөгөөд “Виртуал инкубатор”-аа тун удахгүй төгсөх гэж байна. Энэ хугацаанд Э.Жавхлан бүсгүй ТББ байгуулж хэд хэдэн хэрэглэгчдийн уулзалт зохион байгуулсан юм. 11-р сарын 09-нд “Ээж Та бизнес хийхэд бэлэн үү” 2 дахь эвентээ зохион байгуулах гэж байна. Ийнхүү хүүхдээ харангаа “Виртуал инкубатор”-ын үйлчилгээнд хамрагдаж, бизнес санаагаа хөгжүүлж, нийгмийн идэвхитэй гишүүн болж олон ээжүүдэд танигдсан юм. Паркийн дэргэдэх “Виртуал инкубатор” нь гарааны компаниудыг төрүүлж, хөл дээрээ зогсч, инноваци хийхэд шаардлагатай бүх үйлчилгээг нэг дороос үзүүлж, компани, хувь хүнд бизнес санаагаа бүтээгдэхүүн болгон хувиргах боломжийг нээлттэй олгодог. Монголд ээжүүдэд зориулсан “МаМа Апп” аппликэйшнд хэрэгтэй мэдээ мэдээлэл болон сонирхол нэгтэй бүсгүйчүүд нэгнийгээ олж танилын хүрээ, мэдлэгээ хуваалцах улмаар харилцан бизнес эрхлэх боломжийг бүрдүүлэх юм байна. Энэ талаар “Виртуал инкубатор”-ын гишүүн Э.Жавхлантай  ярилцлаа.

-Танай аппликэйшнээс ээжүүд өөрт хэрэгтэй яг ямар зүйлийг олж авах боломжтой вэ?

-Аппликэйшн маань газарзүйн байрлал заадаг учраас ээжүүд аль ойр байгаа нэгнийгээ сонгоод найзлах, санал санаачилга гарган хэрэгжүүлж ахуй амьдралдаа нэмэр болох боломжтой. Тухайлбал, хүүхдээ харангаа бие биедээ хичээл заах. Мэддэг зүйлээ мэддэггүй нэгэндээ хүргэх гэх мэт. Ер нь ээжүүдийг хараад байхад шинэ санаа их гаргадаг. Түүнийг нь хэрэгжүүлэхэд жаахан дэмжлэг өгөх юм бол тэд өөрсдөө цааш нь хөгжүүлдэг. Тус тусдаа блог хөтөлдөг байсан ээжүүд нэгдээд нэг хамт олон болж байгаа. Аппликэйшн маань ээж байх хэв маягийг хялбар болгож өгнө. Өөрт хэрэгтэй мэдээ мэдээллийг авах, арга хэмжээнд оролцох, өөрөө ч арга хэмжээг зохион байгуулах боломжтой. Фэйсбүүкт төрөл бүрийн арга хэмжээ зохиогддог л доо. Гэхдээ хэтэрхий нээлттэй болж аюулгүй байдал нь алдагдах сөрөг талтай.

-Анх ээжүүдэд зориулсан аппликэйшн бүтээе гэсэн санаа хэрхэн төрсөн бэ. Ер нь энэ төрлийн аппликэйшн хэр олон байдаг юм бэ?

-Хүүхдээ төрүүлээд гэртээ сууж  байхад эмэгтэй хүн олон зүйл эргэцүүлэн боддог юм билээ. Би өөртэйгээ ижил бэрхшээлтэй ээжүүдэд юу хийж өгч болох вэ гэж бодсон. Ингээд зөвхөн ээжүүдэд зориулсан аппликэйшн байвал зүгээр юм байна гээд судалж эхэлсэн. Манайд Файсбүүкт төрөл бүрийн групп үүсгээд ээжүүд нэгддэг болохоос яг албан ёсны зөвхөн ээжүүдэд зориулсан аппликэйшн байдаггүй юм билээ. АНУ-д газарзүйн зураг, байрлал дээр тулгуурласан аппликэйшн байдаг.

-Анх удаа хийж байгаа болохоор мэдээж бэрхшээл гарсан байх?

-Манай улсад  мэдээлэл технологийн салбар төдийлэн хөгжөөгүй шинэ зүйл гэж болно. Би олон улсын харилцааны мэргэжилтэй болохоор олон бэрхшээл тохиолдсон. Тэр болгонд миний зориод хийсэн ажил юм чинь гээд хичээсэн. Өнгөрсөн зунаас төлөвлөгөө гаргаж өвлөөс эрчимтэй ажилласан. Энэ төрлийн ажил эрхлэхээр бол ээжүүд маань мэдээлэл технологийн салбарынхантай баг болоод ажиллавал дээр юм билээ.

-Мэдээллийн технологийн үндэсний паркаас хэрхэн дэмжлэг үзүүлсэн бэ. Та тус төвийн гишүүн гэж явдаг юм байна. Гарааны бизнес эрхлэх гэж байгаа иргэд ямар үйлчилгээ авах боломж  байдаг юм бэ?

-Анх энэ ажлыг хийхэд хууль эрх зүй, маркетинг, оюуны өмчийн тухай гээд олон зөвлөгөө мэдээлэл шаардлагатай болсон. Тэгээд инкубатор төвдөө хандсан. Тус парк үндсэн болон виртуал инкубатор гэсэн хоёр төрлийн элсэлт зарлаж элссэн хувь хүн болон компанийг бойжуулдаг цогц үйлчилгээ үзүүлдэг. Манайх виртуал инкубаторын үйлчилгээг авдаг. 5 багц үйлчилгээнд хамрагдана гэсэн үг.

Шаардлагатай үедээ оффисс, хурлын танхим хөнгөлөлттэй үнээр түрээслэдэг. Тус байгууллага гарааны бизнес эрхлэх гэж байгаа болон шинэ санаагаа хэрэгжүүлэх гэж буй иргэдэд том дэмжлэг үзүүлдэг. Бид  аппликэйшн дээрээ үндэслээд төрөл бүрийн үйл ажиллагаа явуулах боломжтой болж байгаа. Энэхүү үйл ажиллагаа маань Монголын эхчүүдэд зориулагдсан. Үүний зэрэгцээ Монголын пионер ээжүүдийн холбоо төрийн бус байгууллага байгуулсан. Олон улсад пионер ээжүүдийн холбоо байгуулагдаад явж байгаа энэ холбоодтой холбоо тогтоож аппликэйшнээ нэвтрүүлнэ. Уг холбоо нь бизнес, ажил хөдөлмөр эрхэлдэг ээжүүдийн холбоо гэсэн үг. Манай холбоо зургадугаар сард байгуулагдаж одоог хүртэл найман төсөл санаачилж тавыг нь хэрэгжүүлээд байна.

-Цахим ертөнцийг харж байхад гэртээ хүүхдээ харж байгаа ээжүүдэд  гоо сайхны сургалт гэх мэт арга хэмжээ зохион байгуулдаг. Гэтэл яг амьдралд нь хэрэг болохуйц ажил болон хүүхдийн хүмүүжил, мэдлэгт нэмэр болох зүйл зохион байгуулж  харагддаггүй?

-Тийм шүү. Тэр зохион байгуулж байгаа арга хэмжээнүүд нь хүртэл хандалт ихтэй байдаг. Ээжүүд ч гэсэн гэртээ сууж байхдаа их эмзэг байдаг. Өөрийн бие организмын өөрчлөлттэй холбоотой асуудалд эмзэглэдэг. Энэ бол түр зуурын л зүйл. Манай багийн гишүүд 30-аас дээш насны бүсгүйчүүд. Тийм болохоор аливаад ул суурьтай хандаж аль болох эх, хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэх оюунлаг  арга хэмжээ зохион байгуулахыг илүүд үздэг. Удахгүй нэг арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Өмнө нь “Ээж Та ажилд ороход бэлэн үү” арга хэмжээг зохион байгуулахад 100-аад ээж хүрэлцэн ирсэн. Одоо ирэх лхагва гараг буюу 11-р сарын 09-нд болох арга хэмжээ “Ээж Та бизнес эрхлэхэд бэлэн үү”. Монголын шилдэг эмэгтэй менторуудын зөвлөгөө мэдээлэл өгөх үйл ажиллагаа явуулна.

-Төрийн бус байгууллагууд ихэвчлэн төрөл бүрийн сайн дурын арга хэмжээ зохиодог шүү дээ. Танай байгууллагын хувьд ямар арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?

-Улс орны хөгжилд мэдээлэлд үндэслэсэн үнэн зөв, бодиттой судалгаа чухал. Манай улсын хувьд ганцхан зүйл дээр жишээ авахад, эмэгтэйчүүд, хүүхдийн ямар төрлийн өвчлөл  улирлын болон насны давтамжаар хэдийд дэгдэлттэй байна гэдэг дээр тодорхой мэдээлэл байдаггүй. Бодит мэдээлэлд суурилсан дүн шинжилгээ, судалгаа байхгүй. Иймээс эрүүл мэндийн судалгааны байгууллагад хөрөнгө босгож өгөх аян зохион байгуулна. Мөн эмэгтэйчүүдийн ажиллаж амьдрах эрхзүйн орчинг сайжруулах арга хэмжээнүүд зохион байгуулна. Эхний ээлжинд байгууллагаа олон нийтэд таниулах ажлын эхлэл гэж болно.

Таны төлөвлөсөн ажил урагштай явж байгаад баярлаж байна. Паркийн дэргэд Та амжилттай бойжоод бизнес эрхлэх хэмжээнд очсон гэж дүгнэж болох уу?

-Өнгөрсөн саруудад хүүхдээ харангаа бизнес төлөвлөгөөгөөний дагуу их зүйл амжуулж, найзуудын болон нийгмийн хүрээлэл тэлсэн. Бизнес хийж болох ирээдүй харагдаж эхэлсэн. Урамтай байгаа. Ер нь санааг маань өлгийдөж авч инкубатортаа бойжуулсан Инкубатор, бизнес хөгжүүлэлтийн төвийн П.Наранцэцэг даргатай хамт олонд баярлаж, талархаж байна. Гарааны бизнес эрхлэгч, шинэ санаатай, ажил хэрэгч хүмүүс ямагт цаг хугацаатай өрсөлдөхгүй л бол санаа хуучирч, мартагдах эрсдэлтэй. Тиймээс хүн бүр өөрсдийн бизнес, ажил төрлөө хүссэн цаг хугацааны сонголт дор явуулах боломжийг тус байгууллага нээлттэй болгож өгнө шүү гэж үеийнхээ бүсгүйчүүд, ээжүүддээ зөвлөе. Та санаагаа хэрэгжүүлэхэд ямар асуудал хүндрэлтэй байна. Энэ асуудлыг тань виртуал инкубаторын үйлчилгээ, дэмжлэгээр шийдэх гарц байна гэдгийг ярилцлагынхаа төгсгөлд ээжүүддээ дамжуулъя.

mamaapp

  • 2016-11-07
  • Уншсан:4147
  • Tags:

Салбарын байгууллагууд