ПАРК салбарынхаа “БҮТЭЭГЧ ЗАЛУУС”-ын бүтээл бүрийг “ОЮУНЫ ӨМЧ”-өөр хамгаалах аяныг зарлалаа

ПАРК салбарынхаа “БҮТЭЭГЧ ЗАЛУУС”-ын бүтээл бүрийг “ОЮУНЫ ӨМЧ”-өөр хамгаалах аяныг зарлалаа

МТҮП-ын мэдээллийн технологийн инкубаторт өнөөдөр 12 компани бойжиж өөрсдийн оюун ухаан, хүч чадлаа уралдуулж шинэ технологид суурилсан бизнесийг дотооддоо нутагшуулж улмаар бүтээгдэхүүнээрээ дэлхийн тавцанд өрсөлдөх боломж нөхцлийг эрэлхийлэн Монголдоо IT-г хөгжүүлэхээр ажиллаж байна.

Гэтэл манай залуусын шинэ санаа, технологийн зохиогчийн эрхэнд хууль бусаар халдсан тохиолдол оны өмнөхөн гарлаа. Инкубаторт бойжигч “Unread” ХХК-ийн unread.today вэб контентийг хуулбарлан зах зээлд борлуулах гэсэн оролдлого нь өөрөө оюуны өмчийн хулгай юм.

Тиймээс ай ти-гийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд оюуны өмчийн менежментийг нэвтрүүлэх зорилгоор “Салбарын инновацийн бүтээл-Оюуны өмч-2017” аяныг мэдээллийн технологийн салбартаа ялангуяа инкубаторыг төгсөгч компани, виртаул инкубаторт бойжигч, одоо байрлаж буй инкубаторын компаниудын  дунд өнөөдрөөс эхлэн зарлаж байна.

Тус аян жил бүр хэрэгжих тусгай хөтөлбөртэй байх ба хөтөлбөрийн үр дүнд салбарын програм үйлдвэрлэгчдийн шинэ санаа, бүтээл бүрийг оюуны өмчтэй болгосноор оюуны өмчийн соёл Монголд нутагшиж, оюуны өмчийн харилцаа төлөвшиж, эрх зүйн зохицуулалт нийтлэг үйлчлэх юм. Түүнчлэн гарааны компаниудад тулгардаг оюуны өмчтэй холбоотой бэрхшээлийг даван туулах талаар хэлэлцүүлэг, мэргэжлийн сургалт, зөвлөгөө, виртуал хичээлийг itpark.mn сайтад “Инкубаторын компани-Оюуны бүтээл” тусгай булан ажиллуулах ба энэ нь байгууллагын зүгээс оюуны өмчийн харилцааг Монголд Улсад нэвтрүүлэхэд хувь нэмрээ оруулж буй олон нийтэд тустай ажил болох юм.

Мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй компаниуд  өөрсдийн шинэ техник, технологи, бараа, үйлчилгээний тэмдэг, бүтээгдэхүүний загвар, зохиогчийн эрхийн бүтээлээ бүртгүүлэх бүтээлийн жагсаалтаа жилийн эхэнд МТҮП-т гарган өгснөөр паркийн дэмжлэгтэйгээр бүтээл бүр ОӨ-ийн патентаар хамгаалагдаж, зохиогчийн эрх албан ёсоор баталгаажигдана. Улмаар патенттай бүтээлийн мэдээлэл, оюуны өмчийн соёл бүх нийтэд хүрч, оюуны өмчийн үнэлэмж өсч, үнэ цэнэтэй болж, патент алдагдах, хуулбарлах зөрчлөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.

Энэ нь Монголд үгүйлэгдэж байгаа оюуны өмчийг “хулгайлж” үнэгүйдүүлдэг, биет бус хөрөнгөөр бүртгэдэггүй зэрэг зах зээлийн тогтолцоон дахь “гаж” үзэгдлийг арилгах улмаар оюуны өмчийг эргэлтэнд оруулах, хөрөнгө босгох, соёлыг дэмжих ажлын эхлэл гэж болно.

56

Салбарын байгууллагууд