Мэдээллийн технологийн үндэсний парк, Монголдоо амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэгчдийн “Аравт бизнесийн нэгдэл”-ийн удирдлагуудын хоёр талт хоёр удаагийн уулзалтын үр дүнд инкубаторын компанитай хамтран ажиллах ажил хэрэгч уулзалтын анхны салхийг “Ай Пи консалинг” ХХК хагаллаа.
Тус нэгдлийн УЗ-ийн дарга Б.Батжаргал, гүйцэтгэх захирал Б.Болдбаатар, “Бөмбөгөр” худалдааны төвийн захирал Б.Орхонтуяа, “Кенди ворлд” ХХК-ийн захирал Б.Мөнхдэлгэр нарын төлөөлөл МТҮП-ын инкубаторын компани “Ай Пи консалтинг” ХХК-ийн Д.Дэлгэрцоо захиралтай өнөөдөр буюу 3-р сарын 6-нд уулзаж, ажил хэргийн түншлэл тогтоосон юм.
Үндэсний баялагч бүтээгч нарт патентаа авахад бэлэн болсон хэд хэдэн бүтээл төрсөн бөгөөд бизнесийнхэнд оюуны өмчийн соёлыг түгээсэн мэдлэг мэдээлэл, цаг хугацаа хомс зэрэг хүчин зүйлээс шалтгаалж оюуны өмчөө эргэлтэнд хэрхэн, хэзээ, яаж оруулахыг мэддэггүйгээс олон жил урсгалаараа явж ирсэн уламжлалт тогтолцооноос салах сэтгэлгээний хувьсгал, эрэлт хэрэгцээ их байгааг онцолж байлаа.
Тиймээс юуны түрүүнд монгол хүний оюуны бүтээл, баялагаа эдийн засгийн эргэлтэнд оруулах үндэс суурь болсон оюуны өмчийн практик, онол хосолсон сургалт авч, номын дуу сонсох хүсэлтээ илэрхийлсний дагуу Монголдоо анхдагч оюуны өмчийн мониторинг, аудит хийдэг “Ай Пи консалтинг” ХХК-ийн захирал Д.Дэлгэрцоо богино хугацааны сургалтанд бизнесийнхнийг хамруулахаар боллоо.
Бизнесийн хүрээллийнхэнд хамгийн эрэлт ихтэй ай ти-гийн оюунлаг үйлдвэрлэлтэй хамтарч өөр өөрсдийн үйл ажиллагааны чиглэл, онцлогт тохирсон кластер байгуулах, нийгэм, эдийн засгийн хөгжлийг түргэсгэх, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, инновацийн тогтолцоо, экосистемийг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллах олон чухал зорилгоо дараа дараагийн хамтын ажиллагаагаар өрнүүлэх боломжоо ийнхүү оюуны өмчийн сургалтаар эхэлж байна.
Цаашид цахим мэдээллийн систем, онлайн худалдааны платформыг төр, хувийн хэвшил, мэдээллийн технологийн дундын хамтын түншлэл дээр хөгжүүлж, оюуны үйлдвэрлэлийг бизнестэй холбон эдийн засгийн эргэлтэнд оруулах замаар гадаад, дотоод зах зээлд нутагшуулж боломжтой хувилбарыг хамтран гаргах ажил биелэлээ олох цаг тун удахгүй ирнэ.