Мэдээллийн технологийн мэргэжлийн зөвлөл байгуулагдлаа

Мэдээллийн технологийн мэргэжлийн зөвлөл байгуулагдлаа

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам (ХНХЯ) болон Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо (MOSA)-ны санал, санаачилга, Мэдээлэл, технологийн үндэсний парк (МТҮП)-ын  дэмжлэгтэйгээр Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төв (МБСҮМАЗТ)-ийн дэргэд мэдээллийн технологийн мэргэжлийн зөвлөл байгуулагдлаа.

ХНХЯ-ны харьяа МБСҮМАЗТ нь дэргэдээ 16 салбарын мэргэжлийн зөвлөлтэй бөгөөд Мэдээллийн технологийн салбарт анх удаа хөдөлмөрийн зах зээлийн холбогдох хэрэгцээ шаардлагын улмаас байгуулагдаж байна.

Мэдээллийн технологийн мэргэжлийн зөвлөл нь долоон гишүүнээс бүрдсэн бөгөөд салбарын нэг холбоо, дөрвөн ажил олгогчдын төлөөлөл, хоёр сургалтын байгууллагын төлөөлөл болон МТҮП зэрэг олон талын оролцоог хангасан юм.

Мэргэжлийн зөвлөл нь мэргэжлийн боловсролын тухай хууль, Мэргэжлийн болон техникийн боловсролыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт чанарын баталгаажуулалтыг хангах, сургалтын байгууллагуудын бэлтгэж буй мэргэжилтэй ажилтны ур чадварыг хөдөлмөрийн зах зээл дэх ажлын байрны шаардлагад нийцүүлэх, сургалтын чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд оролцох зэрэг үйл ажиллагааг эрхлэх юм.

Манай орны хувьд мэдээллийн технологийн ололт, амжилтыг нэвтрүүлэн түүнийг хөгжлийн тулгуур, тэргүүлэх чиглэл болгон мэдээлэлжсэн нийгмийг байгуулахын тулд чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэх нь нэн тэргүүний асуудал юм. Иймд энэ чиглэлээр үүсч байгаа хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн үндсэн шалтгааныг тодорхойлох нь зөвлөлийн нэн тэргүүний зорилт болоод байна.

  • 2020-10-02
  • Уншсан:1504

Салбарын байгууллагууд