Илон Маск биткоины ханшийг дахин унагав

Илон Маск биткоины ханшийг дахин унагав

Тесла компанийн үүсгэн байгуулагч Илон Маск өчигдөр криптовалютыг шүүмжилсэн агуулгатай зүйлсийг Твиттер хуудсандаа бичсэний дараа биткоины ханшийн уналт үргэлжилсэн байна.

Тэрбээр өнгөрсөн долоо хоногт байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг үндэслэлээр Тесла автомашины төлбөрт биткоин ашиглахаа зогсоож байгааг зарласан юм. Энэ мэдэгдлийнх нь дараа нэг бүр нь $57,000 орчим үнэтэй байсан биткоины ханш $50,000 хүрэхгүй болж унаж байв.

Тэгвэл өчигдрийн мэдэгдлийнх нь дараа $42,000 хүртэл унасан байна.

walyut

Эхлээд Илон Маск “Биткоин үнэндээ маш их төвлөрсөн (centralized) бүтэцтэй ажилладаг. Ихэнх хэсгийг нь хэдхэн том олборлогчид хянадаг. Шинжааний нэг нүүрсний уурхай үерт автаж, уурхайчид амиа алдах шахахад Биткоины “hash rate” 35 хувиар унаж байсан. Энийг “decentralized”(төвлөрсөн бус) гэх үү?” гэж бичжээ.

Дараа нь тэр “Криптовалютын “эксперт”-үүдээ, та нар PayPal гэж сонссон уу? Мөнгө яаж ажилладаг талаар би та нараас илүү мэдэх байх” гэж биткоины фэнүүдтэй шөргөөцөлдсөн юм.

 

Алдартай криптовалютчин Майкл Сэйлор биткоиныг хүн төрөлхтөн түүхэндээ нээсэн хамгийн сайн, хамгийн бага эрчим хүч ашигладаг технологи гэж тайлбарлахад Маск хариуд нь түүнийг “Saylor Moon” гэж даапаалжээ.

Өөрөөр хэлбэл тэр дэлхийг аврахын тулд шидэт чулууг хайдаг анимэ киноны баатар Сэйлор Мүүнтэй Майкл Сэйлорыг адилтгасан байна.

Дараа нь Маск “тэр Халоуины баяраар хувцаслахдаа гуян дээрээ “Bitcoin” гэсэн шивээс хийлгэвэл таарна” гэж элэглээд Saylor Moon-ий хөдөлгөөнт зургийг нийтэлжээ.

Биткоины ханш дөрөвдүгээр сард $65,000 хүрсэн нь түүхэн дээд хэмжээ байв. Өнөөдрийн байдлаар энэ хэмжээнээсээ 30 орчим хувиар унаад байна.

Эх сурвалж: ikon.mn

  • 2021-05-18
  • Уншсан:1353

Салбарын байгууллагууд