“ХҮҮХДЭД ХҮРТЭЭМЖТЭЙ ТЕХНОЛОГИ” АЯНД НЭГДЭХИЙГ УРЬЖ БАЙНА

“ХҮҮХДЭД ХҮРТЭЭМЖТЭЙ ТЕХНОЛОГИ” АЯНД НЭГДЭХИЙГ УРЬЖ БАЙНА

Манай байгууллага нь 1972 онд Шинжлэх Ухаан Техникийн Мэдээллийн Төв байгуулагдсан цагаас эхлэн шинжлэх ухаан технологийн дэвшилийг улс орны хэрэглээнд нэвтрүүлэхэд чиглэн үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн бөгөөд 2002 оноос Мэдээллийн технологийн үндэсний парк болсноор үйл ажиллагаагаа Мэдээллийн технологийн чиглэлийн бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх, хүний нөөцийг бэлтгэх, технологийн хэрэглээг дэмжих чиглэлээр МУ-ын засгийн газрын бодлого, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажилласаар ирсэн ТӨААТҮГ юм.

2022 онд манай байгууллагын түүхт 50 жилийн ой тохиож байгаа бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд дэвшилтэт технологийн тэгш, хүртээмжтэй боломжийг бий болгох, Монголын ирээдүй болсон хүүхэд залуусын боловсролд хөрөнгө оруулахаар нийгэмд чиглэсэн олон талт ажлыг санаачлан хэрэгжүүлж байна.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд үргэлжилсэн Ковид-19 цар тахлын нөхцөл байдалд цахим хичээлийг хүртээмжтэй хүргэх асуудал манай улсын хувьд нилээдгүй бэрхшээлтэй тулгарсан. Айл өрхүүдийн ердөө 30% нь л компьютертэй, үүнээс ч бага хувь буюу (23%) нь гэртээ интернет холболттой байдаг талаар Юнеско-ийн 2021 оны “МУ-ын боловсролын салбар дахь МХХТ-ийн тойм шинжилгээ”-нд дурьджээ.
Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан амьжиргааны төвшнөөс доогуур орлоготой өрхийн хүүхдүүдэд боловсрол, мэдлэгийг эзэмшихэд түлхэц болох, цахим хэрэгслэлээр хангах, суралцахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Жэй Си Ай /JCI/ Капитал салбар байгууллагын хэрэгжүүлж буй “Good Luck” төсөлтэй хамтран “ХҮҮХДЭД ХҮРТЭЭМЖТЭЙ ТЕХНОЛОГИ” аяныг 2022.04.01-06.01 хүртэлх хоёр сарын хугацаанд хэрэгжүүлэхээр үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

Жэй Си Ай /JCI/ Капитал салбар байгууллагын “Good Like” төсөл 2021 онд хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд  зорилтот бүлгийн нийт 100 хүүхдэд технологийн хэрэгсэл олгосны үр дүнд хүүхдүүдийн сурлагын амжилтад ахиц гарсан байна.
“ХҮҮХДЭД ХҮРТЭЭМЖТЭЙ ТЕХНОЛОГИ” аяны хүрээнд хуучин технологийн хэрэгслүүдийг /суурин компьютер, нөүтбүүк, таблет, ухаалаг утас г.м/ хандивлагч иргэн, аж ахуйн нэгжүүдээс цуглуулж, шаардлагатай програм, цахим хичээлүүдийг суулгаж, Дэлхийн Зөн ОУ-ын байгууллагын судалгаанд тулгуурлан нийслэлийн алслагдсан дүүргийн болон хөдөө орон нутгийн зорилтот бүлгийн хүүхдүүдэд олгох юм.

Аливаа улс орны оршин тогтнох үндэс суурь болсон ирээдүй хойч, хүүхэд залуусынхаа тэгш, хүртээмжтэй боловсрол, мэдлэг эзэмшихэд нь таны болон танай хамт олон, байгууллагын оролцоог үнэлж баршгүй билээ. Хандивийн аянд оролцсон хувь хүнд талархлын бичиг, байгууллага хамт олноороо оролцсон байгууллагад батламж олгож хандивлагчдын оролцоог алдаршуулна.

Та бүхнийг “ХҮҮХДЭД ХҮРТЭЭМЖТЭЙ ТЕХНОЛОГИ” аянд нэгдэж, технологийн хэрэгсэл хандивлах болон холбогдох постер, видео шторк, контентуудыг өөрийн цахим сувгуудаар түгээх, харъяа байгууллагууд, ажилтан албан хаагчдад мэдээлэл өгч, үйл ажиллагааг маань дэмжин оролцохыг уриалж байна.

Хандив хүлээн авах: Мэдээлэл, технологийн үндэсний паркын 1-р давхарт “Scienbiz” дэлгүүрт

Хугацаа: 2022 оны 04.01-06.01-ний өдрийг дуустал

Холбоо барих: 99004862, 11-327123, davkharbayar@itpark.mn

banner3

  • 2022-04-01
  • Уншсан:1857

Салбарын байгууллагууд