Мэдээллийн технологийн үндэсний парк нь МТ-ийн хөгжлийг дэмжих, мэргэжилтний мэдлэг боловсролын түвшинг олон улсын түвшинд гаргах зорилгоор МТ-ийн инженерийн шалгалтыг зохион байгуулж ирсэн билээ. Энэ ажлыг цаашид өргөжүүлж бүх нийтийн МТ -ийн боловсролыг дээшлүүлэх, үнэлэх тогтолцоог хөгжүүлэх асуудлаар Мэдээллийн технологийн үндэсний парк болон манай томоохон их сургуулиудын профессор, багш нар Төрийн Албаны Зөвлөлийн дарга Б.Цогоотой санал бодлоо солилцлоо. Уулзалт ажил хэрэгч байдалтай явагдаж, бүх нийтийн МТ-ийн суурь мэдлэгийн стандартыг боловсруулах, түүнд суурилсан сургалтын агуулгыг тодорхойлох, МТ-д суурилсан шалгалтын асуултын сан байгуулах чиглэлээр хамтран ажиллах нь зүйтэй гэж үзлээ.
МТ-ийн суурь мэдлэгийн стандарт нь програм хангамжийн тодорхой нэг компаний (тухайлбал, Майкрософт) бүтээгдэхүүнд суурилаагүй, нээлттэй эхийн систем дээр тулгуурласан, аль ч салбарын хүмүүсийн ажил мэргэжлийн онцлогт тохирсон байх бөгөөд төрийн албаны үйл ажиллагааны инженерчлэлийн бодлогыг тусгах хэрэгтэй гэж үзсэн.
Уулзалтаар харилцан тохиролцсон хамтын ажиллагааны чиглэлийг Төрийн Албаны Зөвлөл болон Мэдээллийн технологийн үндэсний паркын хооронд байгуулах хамтын ажиллагааны санамж бичигт тусгахаар боллоо.
Энэхүү хамтын ажиллагаа нь МТ -ийн инженерийн олон улсын мэргэжлийн шалгалтын асуулт боловсруулах ажилд олон жил МТҮП -тай хамтран ажилласан асуулт боловсруулах үндэсний зөвлөлийн идэвхитэй оролцоо, дэмжлэгтэй хэрэгжих юм.
МТ-ийн суурь мэдлэгийн монгол улсын хэмжээнд нэгдсэн стандарттай болсноор /Олон улсад ICDL – International Computer Driving License, ITPEC IT Passport г.м. тогтолцоо байдаг) Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулдаг төрийн албаны шалгалтыг авахад хялбар болно. Мөн шалгалтанд бэлтгэгчдэд зориулсан гарын авлага, шалгалтын асуултын сан бий болгох боломжтой.