“НЭЭЛТТЭЙ ӨГӨГДӨЛ”-д нэгдсэн анхдагч байгууллага нь БИД боллоо

“НЭЭЛТТЭЙ ӨГӨГДӨЛ”-д нэгдсэн анхдагч байгууллага нь БИД боллоо

Төрийн байгууллагуудын санхүүжилтийг олон нийтэд нээлттэй болгохоор Шилэн дансны хуулийн төсөл яригдаж байхад хэн  хүнгүй л “шилэн биш ширмэн данстай” явж ирсэн монголчуудад хуулийн ил, тод байдал  нөлөөлөхгүй, мөрөөдлийн чанартай, уриалгын шинжтэй хэмээн шүүмжилж байсан нь саяхан. Тэгвэл хувьсгалын тодотголтой бүх байгууллагууд үзэгддэггүй, харагддаггүй бүхнээ ил болгож “Шилэн данс”-нд тайлагнаад  таван сарын нүүр үзэх гэж байна. Юутай ч хүссэн хүн бүр төсвийн мөнгөний зарцуулалтыг шилэн цонхоор нээлттэй харцгааж эхэлсэн. Ийнхүү олон нийтийн анхаарлын төвд байсан асуудал цэгцлэгдэж хүн зонд нээлттэй хүрч аль байгууллага, хэн гэгч гишүүн төсөв мөнгөтэй хямгатай хандаж буйг шүүх болсон.

Тэгвэл үүнтэй утга нэг “Нээлттэй өгөгдөл” хэмээх нэр томьёог нутагшуулах санаачлагыг гаргаж улмаар өөрийн байгууллагын өгөгдлөө олон нийтэд нээлттэй байршуулсан анхны байгууллага Мэдээллийн технологийн үндэсний парк  боллоо. Байгууллагуудын статистик тоон мэдээллийг хүссэн үедээ онлайнаар авч ашиглах боломжийг даяарчлагдсан нийгэмд нээлттэй болгох чухал асуудал хөндөгдөж эхнээсээ ажил хэрэг болж байна. Мэдээллийн ил тод нээлттэй байх зарчмыг бүрдүүлсэн тус байгууллагын  Ерөнхий захирал Б.Мягмарнарантай товч ярилцлаа.

myagmarnaran

-Өнөөдрийн ярилцах сэдэв “Нээлттэй өгөгдөл”. Нэрнээсээ л ач холбогдол нь шууд илэрхийлэгдэх нийгэмд хэрэгтэй ажил санаачлан бодит ажил болгож байгаа танай хамт олонд баяр хүргэе. Төслийн хүрээнд байгууллагынхаа статистик мэдээллүүдийг нээлттэй байршуулсан анхны байгууллага нь танайх болсон гэж ойлгож байна. Ер нь сүүлийн жилүүдэд хүнд суртал, шат дамжлагыг арилгаж мэдээллийг нээлттэй байлгах бодлогыг төр, засгаас дэмжиж байгаа. Ялангуяа сэтгүүлчид асуудал дэвшүүлсэн нийтлэл, сурвалжлага хийхэд үнэн бодит тоо баримт хэрэг болдог. Хэрэв танай Удирдах зөвлөлд ямар эрхэмүүд байгааг мэдэх шаардлага надад гарлаа гэж бодъё. Тодорхой хаягаар ороод л мэдээллээ шууд мэдчихэж болох уу?

-Баярлалаа. Нээлттэй өгөгдөл гэсэн томьёог товчхон тайлбарлавал хэн ч чөлөөтэй ашиглаж, үндсэн зорилгоос өөрөөр хэрэглэж, ашиглах, цааш нь түгээж болдог сэдэвчилсэн, ижил нөхцөлөөр түгээх лицензтэй өгөгдөл гэж ойлгож болно. Байгууллагууд тэр дундаа төрийн байгууллагууд өөрийн “Нээлттэй өгөгдөл”-ийг бий болгосноор хөгжлийг эрчимжүүлэх, ил тод, нийгмийн өмнө хариуцлагатай байх, мэдээллийн шуурхай байдлыг бий болгох юм. Өөрөөр хэлбэл хамтрагч байгууллага, иргэд хэрэгцээтэй мэдээллийг “Нээлттэй өгөгдөл”-өөс олж авснаар Засгийн газрын бодлогыг дэмжих, магадгүй зөв шүүмжлэл ч төрөхийг үгүйсгэхгүй. Мэдээллийг ашигласнаар эдийн засагт эерэг, инновацийг дэмжих, хуулийн өмнө эрх тэгш байдлыг хангах гол хүчин зүйлс бүрдэх чухал ач холбогдолтой юм.

-МУИС-ийн харъяа Хэрэглээний шинжлэх ухааны их сургууль танайхтай хамтран уг төслийг нэвтрүүлсэн нь зорилго нэг байсанаас хамтарсан уу аль эсвэл төрийн байгууллага тухайлан  их, дээд сургуулийн бааз суурийг сонгож түншлэв үү?

-Манай мэдээллийн технологийн компаниудад бизнес эрхлэх таатай орчинг бүрдүүлэх, тэдний бизнесийн үйл ажиллагаа, мэдээллийн технологийн инновацийг дэмжих, шинжлэх ухаан мэдээллийн технологийн сан бүрдүүлэхэд нээлттэй өгөгдлийг байгуулж, нээлттэй өгөгдлийн санаачлагыг МУИС-ийн харъяа ХШУИС-тай хамтран эхлүүлэх шаардлагатай гэж үзсэн юм. Их, дээд сургуулийн эрдэмтэн багш нарын потенциал асар их, энэ оюуны уул уурхайг түших нь ч зөв. Ер нь манай байгууллага Монголынхоо их, дээд сургуультай хамтран ажиллаж ирсэн уламжлалтай. Энэ шаардлагын хүрээнд МУИС-ийн харъяа ХШУИС-тай Хамтын ажиллагааны гэрээг үзэглэн төслийг хамтран хэрэгжүүлсэн. Хамтын ажиллагааны чиглэлийн хүрээнд МТҮП нь өөрийн “Нээлттэй өгөгдөл”-ийн талаар баримтлах бодлогын баримт бичигтэй болсон бөгөөд өөрийн байгууллагын өгөгдлүүдээ хэн ч ашиглах боломжтойгоор цахим талбарт нээлттэй байршуулаад байгааг дурдахад таатай байна.

-“Нээлттэй өгөгдөл”-ийг Монголд бүрэн утгаар нь нутагжуулчихвал  хаана  хаанаа ач тустай. Зорилгоо ажил болгоход МТҮП энэ чиглэлээр ямар үүрэг гүйцэтгэх вэ?

-Монгол төрийн нээлттэй өгөгдлийг үүсгэх, нээлттэй өгөгдлийн санаачлагыг Монгол Улсад хөгжүүлэхэд технологийн талаас хариуцан ажиллах гол байгууллага нь Мэдээллийн технологийн үндэсний парк яах аргагүй мөн. Эхний ээлжинд салбарынхаа байгууллагыг энэ системд хамруулахыг зорьж ажиллана.

-“Монголын нээлттэй өгөгдлийн санаачлага” хэлэлцүүлэг болох гэж байгаа гэж сонссон. Энэ тухай олон нийт мэдэж байвал төсөлд хамрагдах байгууллага олон гарах болов уу?

-Монголын нээлттэй өгөгдлийн санаачлага семинар энэ баасан гараг буюу 5-р сарын 01-ний өдөр Мэдээллийн технологийн үндэсний паркын байранд зохион байгуулагдах гэж байна. Тус семинарт нээлттэй өгөгдөл төслийн гүйцэтгэлийн явцтай танилцаж, гадаад дотоодын эрдэмтэн судлаачдын илтгэлийг сонсон нээлттэй ярилцах бөгөөд манайх өөрийн байгууллагын өгөгдлөө албан ёсоор нээлттэй байршуулсныг танилцуулах юм. Тус семинарт мэдээллийн технологийн салбарын төрийн болон хувийн хэвшлийнхний төлөөлөл оролцон нээлттэй өгөгдлийн санаачлагын талаар илтгэл тавина. Мөн Итали Улсын Трентогийн Их сургуулийн профессор уригдан “Европын Улсуудын Нээлттэй өгөгдлийн туршлага” сэдвийн хүрээнд илтгэл тавьж, харилцан туршлага солилцох юм. Мөн тус “Нээлттэй өгөгдөл”-ийн семинараас гадна байгууллагынхаа үйл ажиллагааг илүү нээлттэй болгох үүднээс “МТҮП-Гарааны түншлэл 2015” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээ нь  төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, уялдаа холбоог сайжруулах, Мэдээллийн технологийн үндэсний паркын үйл ажиллагаа, инкубаторын компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд сурталчлан таниулах, бизнесийн цар хүрээг тэлэх, зуучлах зорилгоор зохион байгуулагдаж байгаа юм.

Манай арга хэмжээг сонирхсон байгууллага, иргэд, оюутан, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, эрдэмтэн судлаачид, төрийн байгууллагын төлөөлөл хэн бүхэн оролцоход чөлөөтэй. Энэ боломжийг ашиглан сонирхсон хүмүүс 5-р сарын 01-ний арга хэмжээнд хүрэлцэн ирээрэй хэмээн урьж байна.

МТҮП-ын нээлттэй өгөгдлийг www.data.gov.mn хаягаар орж харах боломжтой.

 

 

Салбарын байгууллагууд