“СИЛИКОН ХАУС”-т бойжиж буй инкубаторынхан Монгол улсын дэд бүтцийн бүтээн байгуулалтанд оролцоно

“СИЛИКОН ХАУС”-т бойжиж буй инкубаторынхан Монгол улсын дэд бүтцийн бүтээн байгуулалтанд оролцоно

logo

ИНКУБАТОРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ МОНГОЛЫН ДЭД БҮТЦИЙН ОРОН ЗАЙД

АНУ-ыг мэдээллийн технологийн хөгжлөөр дэлхийд тэсрэлт хийхэд хүргэсэн “Silicon Valley”-гийн жижигрүүлсэн хувилбар “Силикон Хаус-Монгол толгой”-д бойжиж буй манай инкубаторынхны гаргасан амжилтууд ар араасаа хөвөрсөөр.

Тэдний нэг гадаад аутсорсинг нэвтрүүлж байгаа “Сусано” ХХК-ийн амжилтыг энэ удаа онцолж байна.

Мэдээллийн технологийн чиглэлээр Япон Улсад боловсрол эзэмшин тэндээ ажиллаж байсан залуус мэдлэгээ бизнес болгохоор Монголдоо ирцгээсэн. Ирэх ирэхдээ Г.Батсуурь, Д.Сарангэрэл, Э.Түвшинбаяр нарын шилдэг програмистууд  МТҮП-ын инкубаторыг зорин ирсэн юм.

Монголдоо ирээдүйн инновацийг бүтээж, шинийг сэдэх ажлыг эхлүүлэхээр “Сусано” ХХК-ийг байгуулж, манай инкубаторт элсэж байсан нь саяхан буюу 2015 оны 05-р сарын 15-ны өдөр байсан.

Үйл ажиллагааны чиглэл нь Японы харилцагч компаниудын захиалгаар зам гүүрийн үйлдвэрлэлийн хяналт, хэмжилт, зураг төслийн систем хөгжүүлэлтийг гүйцэтгэн хөрөнгө оруулалт босгож байгаа хэдий ч Монголдоо үндэсний брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорин ажиллаж байгаа юм.

Өөрсдийн хувь нэмэр болох гарцыг эрэлхийлж улмаар БСШУЯ-аас зарласан шинжлэх ухаан, технологийн төсөлд шалгарсан нь “Сусано”-ийн залууст бас нэг боломж нээгдэж байна.  “Авто замын барилгын ажлын явцад технологийн хяналтын оновчтой системийг нэвтрүүлэх судалгаа”-ны төсөл нь ач холбогдлоороо Монголын дэд бүтцийн салбарт  томоохон орон зай эзлэх болно.

Монгол орны авто замын сүлжээний техник ашиглалтын түвшинг тодорхойлох, дүгнэлт гаргах, элэгдэл гэмтэл, засварын мэдээллийн өгөгдлийн санг үүсгэх боломжийг бүрдүүлэх энэхүү төслийг манай инкубаторын залуус ийнхүү гүйцэтгэх гэж байгаа нь МТҮП-ын инкубаторын компаниудын бас нэгэн бахархал юм.

Манай улсад хамгийн ихээр яригддаг асуудал дэд бүтэц, тэр дундаа авто зам. Дээрх төслийг хэрэгжүүлснээр Мэдээллийн технологи харьцангүй өндөр хөгжсөн манай улсын хувьд GPS болон зурган мэдээллийг ашиглан замын бодит гүйцэтгэлийг газрын зураг хэлбэрээр тайлагнах, төлөвлөгөөний аль түвшинд гүйцэтгэж байгааг зураг болон статистик хэлбэрээр харьцуулан харах боломжтой болно. Мөн хяналтанд ямар нэг хувь хүний нөлөөлөлгүй болж системийн оролцоогоор хөндлөнгийн хяналт тавих боломж нээлттэй болох ажээ.  

Зам барилгын гүйцэтгэгч компани нь ажлаа хүлээлгэн өгсний дараа ажлаа хэрхэн гүйцэтгэснийг тоон үзүүлэлтээр оноо өгч дүгнэдэг системд шилжих юм.

Ийнхүү Монгол Улсын авто замын сүлжээ бүрэн автоматжуулагдахад “Сусано” ХХК-ийн програмист, инженерүүдийн Япон Улсад гүйцэтгэж байсан ажлын ур чадвар, туршлага, боловсрол үнэтэй хувь нэмэр  болно гэдэгт МТҮП-ын хамт олон итгэлтэй байна.

Гадаадад сурч боловсорсон залуусын төлөөлөл  болох “Сусано” ХХК-ийн судалгаа шинжилгээ хийж, туршилтын загвар гаргаж, нэрийн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьсон зорилгын гараа нь ийнхүү амжилттай эхэллээ.

Тус компанийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг  incubator.itpark.mn/index.php/company/profile/178-ээс авна уу

С-1

Салбарын байгууллагууд